Алдарт гитарчин Стив Вайтай хийсэн ярилцлага (sailorlonely)
“Харьцуулшгүй гитар”
“Хэрвээ чи виртуозо-гитарчин болохыг хүсвэл надаас илүү болох ёстой. Чи улам илүү байх учиртай. Нэг зүйлийг ойлгож ав, хэрвээ чи намайг давж гарахгүй л бол би чамайг улам хол хаях болно” Стив Вай
Гитарын ертөнцийн нэг ховор үзэгдэл гэж болох Стив Вайгийн амжилтын нууц нь гитарын виртуозын техникийг эзэмшиж чадаад, улмаар түүнийг улам хөгжүүлж эрхшээсэн бөгөөд уран бүтээлүүдээ өөрийн уран сэтгэмжид бүрэн захируулж чадсанд оршино. Түүний гитар тоглох ур чадвар, туурвих урлаг нь физикийн ямарваа хуулинд захирагддаггүй бөгөөд хэзээ ч аливаа нэг хэв загварт баригдаж байгаагүй.
Домогт гитарч Фрэнк Заппатай хамтран ажиллаж эхэлсэн 80-аад оноос түүний карьер эхэлсэн ба Alcatrazz, David Lee Roth, Whitesnake, Alice Cooper хамтлагуудад тоглож байсан. 1982 онд "Ship Arriving Too Late to Save a Drowning Witch" нэртэй цомгоо гаргахад хөгжим судлаач, шүүмжлэгч нар Вайг "Гитарчин-каскадёр" гэж нэрлэж байв.
Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг толилуулж байна.
Guitar.com: Чухам ямар учраас чи энэхүү сүүлийн цомогтоо өмнөх цомгуудынхаа 7 дахь дуунуудыг багтаасан юм бэ?
Vai: Ямар нэг сонирхолтой зүйл хийе гэсэн бодлоос минь үүдэлтэй байх л даа. Аливаа нэг төсөл шинээр эхлэх үедээ би түүгээрээ үргэлж ямар нэг сонин содон зүйлийг илэрхийлье, сэдье гэж зорьдог. Хэзээ нэгэн цагт өөрийнхөө өмнөх бүтээлүүдээс бүрдсэн нэг юм хийнэ гэж бодож байсан, гэхдээ надад "the best" гэдэг шиг түүвэр хийх санаа төрж байгаагүй. Миний дуртай стил бол гитарын баллад байдаг, түүгээр гитар хөгжмийн үнэн аялгуу, түүний уянгалан дуулах сонсогддог юм. Тэгээд би бодохдоо яг тийм балладуудаар түүвэр цомог хийвэл гоё болох юм байна гэж л бодсон хэрэг. Ингээд л 7 дахь цомгоо эхлэж байхдаа ерөөсөө өмнөх цомог бүрийнхээ уянгын аялгуунуудыг багтаая гэж шийдсэн.
Guitar.com: Тэгэхээр чи бүр эхнээсээ ийм төлөвлөгөөтэй байжээ дээ ?
Vai: Тийм гэж болно
Guitar.com: Гэхдээ яагаад 7 дахь зохиомж гэж?
Vai: Яахав дээ, цомогт энэ нь балладад их тохиромжтой хэсэг байдаг л даа, цомог дахь хэмнэлийг жаахан өөрчлөх шаардлага байдаг юм. Заримдаа миний хүссэнээр болоогүй, гэхдээ би ийм байгаасай гэж их хичээсэн, зарим үед өөрийгөө гарцаагүй байдалд ч их оруулсан. Зүгээр л энэ нь надад муугүй санаа шиг санагдсан л даа.
Guitar.com: Ихэнх хөгжимчид концертынхаа 3 дахь юм уу 4 дөх хэсэгт баллад оруулаад байх шиг...
Vai: Тийм ээ. Би ч бас тэгдэг. Нэг бичлэгт хэд хэдэн баллад заавал байдаг. Би үргэлж 4 дэх дууг нь балладаар сонгодоггүй. Гэхдээ л дуунуудыг цомогт жагсаах үед 7 дахь нь надад балладад илүү тохиромжтой байр мэт санагддаг юм. Зүгээр л эхнээсээ цомгоо ийнхүү зохион байгуулсаар ирсэн. Магадгүй энэ нь тийм ч оновчтой бус байж болно, гэхдээ надад л тэгж санагдсан хэрэг. Тэгээд ч цаад агуулга нь надад бас сонирхолтой санагдсан л даа.
Guitar.com: Дискны тайлбартаа чи сэтгэлийн амар амгалан, цэвэр байдлын тухай дурдсан байсан. Энэхүү амар амгалан буюу цэвэр байдал хөгжмид чинь хэрхэн тусдаг талаар тайлбарлаж өгөхгүй юу?
Vai: Нэгдүгээрт, дотоод сэтгэлийн эрүүл байдлыг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах байх. Зарим нь үүнийг хайхардаггүй ч энэнтэй ямар нэг байдлаар хамааралтай л байдаг. Миний бодлоор бидний хийж байгаа үйлдэл бүр бидний дотоод сэтгэл, түүний цэвэр тунгалаг байдалд нөлөөлж байдаг. Хэн нэгэн аливаа нэг бүтээл хийе гэж зоривол сэтгэлийнхээ гүнд байгаа мэдрэмжийг таних хэрэгтэй гэж би боддог. Өөртөө “би үүнийг хийх ёстой ч энэ тохиолдлоор л бүтдэг, хэзээ нэгэн цагт үүнийг хийснээ чи ойлгоно” гэж хэлэх шаардлагагүй юм. Бодол санаа чамайг хүсч тэмүүлж байгаа бүхэн рүү чинь хөтөлдөг. Хэн нэгэн нь олон нийтийн ажилд, улс төрд, хайр дурлалд, эсвэл бүр спорт загварын машинд тэмүүлэлдэг. Энэ нь мэдээж чухал, гэхдээ би бодохдоо зарим хүмүүс энэхүү гадаад хүсэл тэмүүллээ хойш тавьж өөрийн гэсэн ертөнцийг бий болгож чаддаг юм.
Миний хувьд, гитараа тоглож байхдаа би өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан мэт байдаг. Тохиол нь таарсан үед би сэтгэлийнхээ дотоод учгийг тайлдаг бөгөөд энэ нь ариусах мэт мэдрэмжийг надад өгдөг. Ингэснээр надад “өөр юу ч биш, ганцхан би” гэсэн содон бодол төрдөг. Ертөнц тэр аяараа хэрхэж байгаа нь, миний эргэн тойронд юу болж байгаа нь ч надад сонин бус, зөвхөн би...Ариусал, эрүүлжилт явагдаж байгаа мэт...Хэрэв чи үүнийг хэзээ нэг цагт мэдэрч байсан бол намайг ойлгоно.
Guitar.com: Юу хэлэх гээд байгааг чинь ойлгож байнаа. Би хөгжимдөө бүрэн автсан нөхцөлд энэ нь бараг л шашин шүтлэг мэт байна.
Vai: Тиймэрхүү юм уу даа. Тайлбарлахад хүнд байна л даа, тиймээс ч энэ тухай ярихад нэг их таатай биш. Үүнийг тэр болгон зөвөөр ойлгодоггүй учраас тэр. Хэт хувийн сэдэв л дээ. Тэгээд ч сэтгүүлчид хөлөөс толгой хүртэл минь шиншилж “гэгээрэлд хүрч чадах эсэх” гэх мэт тэнэглэлээр хөөцөлдөж эхэлдэг.
Guitar.com: Өөрийн чиньт зарим цомог, тухайлбал Passion & Warfare, Sex & Religion энэ үзлийн чинь тусгал мөн үү? Хөгжмөөрөө ямар нэг хэмжээгээр энэ тухай илэрхийлдэг үү?
Vai: Үүнд л учир нь байгаа юм. Амьдрал дээр бид амьдралыг үзэх үзлээ, түүний тодорхойлолтыг өөрийнхөөрөө өгөхийг хичээцгээдэг. Дурын хөгжимчин өөрийгөө болон тухайн мөчид амьдралыг хэрхэн харж байгаагаа хөгжмөөрөө илэрхийлэхийг оролддог. Үүнээс үзвэл би эрэлч юм. Би цаг үргэлж гитартаа ч юм уу, эсвэл амьдралд шинийг эрэлхийлдэг. Хөгжим бол үүнийг илэрхийлэх сайхан зүйл. Чамайг шүүмжилдэг, гэхдээ ямар ялгаатай юм бэ? Хүн бүр өөрийгөө илэрхийлэх урлагийн арга замыг сонгох хэрэгтэй, гэхдээ энэ нь хэн нэгэнд хал балгүй бол шүү дээ.
Өөрийнхөө санаа сэдлийг чиний хэлсэнээр би шүүмжлэн хэлэлцдэггүй. Би асуудал дэвшүүлдэг, тэгээд өөрөө бас хөгждөг.
Guitar.com: Фрэнк Заппагаас чи юу сурсан бэ?
Vai: Маш их зүйлийг. Хамгийн гол нь ямар нэг зовлон бэрхшээлийг үл хэрэгсэн аялгуут хөгжим туурвихыг сурсан даа.
Guitar.com: Тэр өөрөө үнэхээр тийм байсан гэж үү?.
Vai: Яриа байхгүй. Тэр тийм байсныг би өөрөө харсан юм
Guitar.com: Чиний зарим бүтээлд түүний нөлөө анзаарагддаг. Энэ нөлөө хир их байсан бэ?
Vai: Миний бодлоор Фрэнк хэнээс ч илүүтэй надад нөлөөлсөн. Миний хөгжимд чи түүний нөлөө орсон элементүүдийг сонсч болно. Энэ нь түүний уран бүтээл ба амьдралд бахархсан миний бахархалын тусгал юм. Түүний бүтээл надтай хүүрнэх мэт, түүнд хошин наргиан, үнэнхүү гайхамшигтай найруулга, цомнол, дуугаралт байсан юм. Хэцүү мэт санагдах, бараг гүйцэмгүй хурдан нотууд, газар дэлхийн энгийн хөгжим. Фрэнкийн хөгжим бүгдийг агуулж байв: аялгуу, энгийн чанар, хошигнол, улс төр, дотоод сэтгэл, шашин.
Guitar.com: Түүний үхэл чамайг балмагдуулсан гэж бодож байна.
Vai: Тийм ээ. Тэр хорвоог эрэлхэгээр орхисон доо.
Guitar.com: Фрэнкийн багт байхдаа чи түүний нэг хэцүү зохиомжийн нотыг бичсэн гэлцдэг. Тэр чинь "Black Page Number Two" байх аа?
Vai: "Black Page Number One and Two."
Guitar.com: Тэгэхээр энэ үнэн байхнээ?
Vai: Тиймээ.
Guitar.com: Чи ер нь цаас харж их тоглодог уу?
Vai: Үгүй ээ. Энэ бол шал өөр зүйл. Коллежэд сурч байхдаа би нотоор тоглодог дэлхийн шилдэг хөгжимчин болохыг мөрөөддөг байлаа. Би бүхэл зунжингаа өдрийн 9 цагаар хичээллэдэг байсан. Ингэхдээ кларнет, саксофон, хийлийн партуудыг, ер нь юу тааралдсанаа л уншдаг байлаа. Тэр бүхний эцэст миний ойлгосон зүйл бол, нэгдүгээрт юуны тулд би ингэж байгаагаа ойлгохоо больсон, хоёрдугаарт ингэснээрээ би хэзээ ч шилдэгүүдэд дөхөж очихгүй, гуравдугаарт энэ оролдлого насан туршид үргэлжлэнэ, учир нь гитар бол нот уншлагад үнэхээр ахадна....Хэрэв чи надад хөгжмийн бүтээлийн нот өгвөл би түүнийг уншина. Гэхдээ би үүнийг хамгийн сүүлд Жо Жексонтой хамтран тоглосон 1-р симфоны үеэр л хийсэн. Тэр үед хүртэл би цаас харж тоглохыг үнэндээ хүсээгүй. Одоо ч гэсэн би нот харж тоглохыг хүсдэггүй, энэ нь хөгжмийн зохиолчийн хувьд шударга бус хэрэг.
Guitar.com: Тэгэхээр чи Бэрклигийн хөгжмийн коллежэд байхдаа болон хожим нь ч нот их уншдаг байжээ? Үнэнээ хэлээч, ямар ч байсан энэ бүхэн чамд цаашаа ахиж супер рок хөгжимчин болоход чинь тусалсан биз дээ, ядаж хөгжмийн онолийг ойлгоход чинь?
Vai: Магадгүй ээ. Хөгжмийн онолын хичээл ба Жо Сатрианигийн гитарын хичээлүүд миний хувьд бурханы хишиг байсаан. Коллежэд Билл Весткотт надад маш сайн хичээл өгсөн. Бид сонгодог хөгжмийн зохиомж, найруулгыг судалсан. Би сэдэв, вариац гэж юу болох, түүнийг зохиолдоо хэрхэн ашиглах тухай сурсан. Харин Жо тэр бүхнийг гитарт хэрхэн ашиглахыг заасан. Харин тональность гэдгийг миний ертөнц өөрөө надад нээж өгсөн. Би тональностийг гаммын цуглуулга гэж үзэхээ больсон. Энэ бол яг олон өнгөт хивс мэт санагдах болсон. Чи түүнийг ашиглан өөрийнхөө хөгжмийг будаж шунхдана. Өөрийн хөгжмийн бичихийг тулд өөртөө захирагдах хэрэгтэй.
Жаахан торуулъя. Өмнө нь надад олон сурагч байлаа. Одоо бол би заадаггүй, гэвч өмнө нь хичээл заадаг байхад янз бүрийн хүмүүс ирдэг байлаа. Хөгжмидөө үнэхээр дурласан, түүнийгээ үнэлж цэгнэдэг хүүхдүүд их байсан, гэхдээ тэд олигтой амжилтад хүрээгүй. Хичнээн их чармайсан ч тэд гитар хөгжмийн сурж чадаагүй. Зарим нь хөгжмийнхөө чадавхийг ойлгоогүй. Тэднийг гамм, хурд, утас дээрх цохилт (riff) татаад байсан учраас их л оролдсон, эцэст нь тэдний тоглолт механик эд шиг л болсон. Зарим нь гитарийг хэрхэн хийдэг, ямар хэмжээ дамжаатай, юугаар хийдэг, хэрхэн дуугардаг гэх мэтчилэн зүйлсийн талаар их мэдлэгтэй байсан. Гэвч бас л тоглож чадаагүй. Гэхдээ цөөн хэд нь үнэхээр тоглож сурсаан, тэдний царайнаас өөрийгөө хэрхэн илэрхийлж байгааг нь харж болдог юм.
Guitar.com: Харин чи? Чи анхнаасаа л энэ мэдрэмжийг өөртөө мэдэрч чадсан уу?
Vai: Мэдэхгүй юм. Магадгүй бусад хүмүүс намайг илүү хялбархан дүгнэнэ биз. Гэхдээ гитар бол миний ганц ертөнц байсан. Амьдралд минь өөр чухал зүйл байгаагүй. Надад интернет, компьютер тоглоом, видео гэх мэт одоогийн залуусын зугаа байсангүй. Надад харин халамжтай эцэг эх, агуу багш нар л байлаа. Үүнээс гадна надад гитар сурах галзуу гэмээр хүсэл тэмүүлэл байлаа. Бусад залуучууд намайг хүрээлэлдээ авах энэ тэр нь сонин биш, гагцхүү гитар л намайг бүхлээр минь залгисан юм. Би түүнээс л таашаал авч байсан, хожим нь хамтлагт тоглож эхлэхэд энэ нь миний жинхэнэ аз жаргал байсан. Ахлах ангиа би хамтлагт тоглосоор дуусгасан. Тиймээс энэ мэдрэмж надад анхнаасаа үүссэн үү гэдгийг би хэлж мэдэхгүй юм. Одоо ч би үүнийг бүрэн ухаарсан эсэхээ мэдэхгүй байна. Зарим нэг шүүмжийг уншихаар, би болоогүй юм байна л гэж бодогдох юм. (инээв)
Guitar.com: Чи шүүмжлэлд ач холбогдол өгдөг үү?
Vai: Хм. Олон нийтийн сэтгэгдэл хөгжимчнийг нэг их догдлуулдаггүй, харин шүүмжлэл бол өөр хэрэг. Ингэдэггүй хөгжимчин байхгүй гээд мөрийцөхөд бэлэн байна.
Guitar.com: Тэгээд тэдгээр шүүмжлэлүүд гитарчдын уаашдын бүтээлд нөлөөлдөг болов уу?
Vai: Би хэд хэдэн удаагийн шүүмжлэлд өртсөнөөсөө болоод цаашид бүтээж туурвихаа больсон хэд хэдэн хүний жишээг мэднэ шүү. Чи өөрийнхөө хамаг мэддэг чаддагаа л бүтээлдээ тусгаж дэлхий дахинд “та нар сонсоцгоо, энэ миний шинэ бүтээл” хэмээн танилцуулна, үүний дараа шүүмжлэлтэй нүцгэн цээжээрээ тулна даа. Тэгээд хариуд нь магтаал, муулал, бүр хоёрын хооронд шал дэмий хариу ч авна. Миний хувьд би уран бүтээлийг шүүмжийг үргэлж хүсэж хайж байдаг. Учир нь энэ нь надад эргээд маш их тус дэм болдог билээ. Миний хамт тоглож байсан бүх хүмүүс өөрсдийнх нь тухай бичсэн бүхнийг хичээнгүйлэн уншдаг байж билээ.
Хөөе, ингэхэд ярьж байсан сэдэвтээ эргээд оръё л доо. Нот харж тоглохыг би буруушаахгүй ээ. Миний амжилтад энэ нөлөөлсөн гэдэгтэй санал нэг байна. Тэгээд ч гитарт зориулсан нотыг уншиж сурах нь тийм ч хэцүү эд биш. Энэ нь хэд хэдэн ашигтай талтай. Нэгдүгээрт, хөгжмийн зэмсгээ бүрэн эзэмших, мэргэжлийн төвшинд эзэмшихэд чинь тус болно. Хоёрдугаарт зэмсэг та хоёрын хооронд тодорхой холбоо үүсэхэд нөлөөлнө. Гэвч надад нэг бодол үргэлж төрдөг нь “гадаад хэл сурахдаа чи зүгээр л бичиж уншихдаа биш, ойлгох нь хавьгүй чухал” гэдэг бодол юм.
Guitar.com: Тэр тусмаа хөгжмийн онолыг хүртэл оруулаад уу?
Vai: Энэ асуултыг ярилцлага болгонд надаас асуудаг л даа. Нэг тийм ойлгомжгүй байдал үүнд анзаарагдаад байдаг нь, хэрэв хэн нэгэн хөгжмийн онолоор хэт хөөцөлдвөл энэ нь түүний уран бүтээлийн нөөцийг шавхдаг гэж. Энэ бол миний сонсч байсан хамгийн тэнэг зүйл. Хэрэв чи үнэхээр бүтээлч хүн бол чи онол мэднэ үү байна уу огт хамаагүй, чи хийдгээ л хийнэ. Гэхдээ хөгжмийн онол чамайг уран бүтээлээ улам яруу тодоор илэрхийлэхэд чинь тусална. Гэхдээ хөгжимчин хүнд хамгийн чухал эд бол түүний чих. Хамаагүй чи олон цагаар хуудас цаасан дээрхи хар тэмдэгтүүдийг судалж уншиж болох ч чи түүнээс илүү жинхэнэ утгаараа өөрийнхөө сонсголыг хөгжүүлэх шаардлагатай бөгөөд сонсгол чинь чамд бүгдийг тайлбарлаад өгнө. Зарим нь чихээрээ “хардаг” юм шүү.
Guitar.com: Энэ юу гэсэн үг вэ?
Vai: Жишээ нь, чи нэг аялгуу сонслоо гэж бодъё. Чи түүнийг аль ладан дээр тоглож байгааг, эсвэл түүнийг өөрөөр хэрхэн дуугаргаж болохыг шууд ойлгоно гэсэн үг. Чиний чих нүдийг чинь хэрхэн харахыг заана, эсвэл гар чинь нүдийг чинь нээнэ. Сонсголоо хөгжүүлэх маш олон арга бий.
Guitar.com: Тэгэхээр, ямар нэг ая сонсоод ямар аккордоор яаж тоглож байгааг төвөггүй ойлгоно гэсэн үг үү?
Vai: Яг зөв. Ер нь сонсголоо хөгжүүлэх талаар би ямар нэг ном зайлшгүй гаргах хэрэгтэй юм байна. Гэхдээ түүнийг бичихийн тулд надад дор хаяж 5 сар тайван хөдөлмөрлөх хэрэгтэй дээ.
эх сурвалж: www.guitar.mn